Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газруудын цагийн хязгаарыг өөрчилнэ

Орон сууцнуудын нэг давхарт нийтийн хоол болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд их болж байгаатай холбоотойгоор иргэдээс ирэх гомдол, санал мөн ихсэж байгааг АТГ-аас мэдээллээ.

Түүгээр зогсохгүй сүүлийн үед нийтийн хоолны газраар үйлчлүүлсэн иргэдийн дунд хоолны хордлого авсан тохиолдолд ч нэмэгдэж байгаа.

Тиймд энэ чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хэрхэн ажиллаж буйг эргэн харах зорилгоор өнөөдөр “Нийтийн хоолны үйлчилгээн дэх эрсдэлд суурилсан мэргэжлийн хяналт шалгалт ба аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг АТГ-аас холбогдох байгууллагуудын хамтаар зохион байгууллаа.

ТӨРИЙН БАЙГУЛЛАГУУДЫН УЯЛДАА ХОЛБОО, ЭРХ ЗҮЙН ОРЧНОО НЭГ МӨР БОЛГОХ ЗЭРЭГ АСУУДАЛ НЬ ДУТМАГ БАЙГАА НЬ АЖИГЛАГДСАН

Нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад хяналт тавьж, асуудал шийдэх ёстой байгууллагууд хэрхэн ажиллаж буй талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Сарангэрэл “Нийтийн хоолны үйлчилгээний газруудад төрийн хяналт шалгалтын ажил явагдаж байгаа төдийгүй энэ чиглэлээр иргэдээс ирэх гомдол их гарч байна.

Төрийн байгууллагууд хуулийн дагуу хийх ёстой ажлаа хийгээгүй бол тэр чинь ч гэсэн ардаа авлига байж болно.

АТГ-аас баг гаран нийтийн хоолны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын бүгдийнх нь ажилтай танилцсан. Санасныг бодоход төрийн байгууллагууд ажлаа хийж байгаа нь харагдсан. Гэхдээ төрийн байгууллагуудын уялдаа холбоо, эрх зүйн орчноо нэг мөр болгох зэрэг асуудал нь дутмаг байгаа нь ажиглагдсан. Дээрээс нь эрсдэлийг зөв тодорхойлоход анхаарах ёстой нь харагдаж байгаа.

Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын газар гэхэд нийтийн хоолны салбарын үйл ажиллагаанаас олон зөрчил илрүүлдэг. Тэгээд зөрчил гаргасан газруудын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг холбогдох газруудад нь буюу Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлдэг боловч тэр болгон цуцалдаггүй. Энэ нь зөрчил буурахгүй байх бас нэгэн шалтгаан болж байна.

Мөн орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ашиглалтын тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй байгууллагуудыг улсын бүртгэлийн газар битгий бүртгээрэй гэхэд бүртгэчихсэн байх жишээтэй. Энэ байдал нь төрийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатайг харуулж байна” гэлээ.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛДЭГ 4,008 ОБЪЁКТ БИЙ
 

Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 315 объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр зарлагдсан ба тус ажил 25 хувьтай явж байна. Мөн нийслэлийн хэмжээнд мэргэжлийн хяналтад бүртгэлтэй архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй түүгээр үйлчлүүлэх нийт 4,008 объект бий.Тэдгээр газрыг аддестатчилах хяналт шалгалтыг бусад харьяа байгууллагуудтай хамтран явуулж байгааг НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Хонгор хэлсэн юм.

Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудтай холбоотойгоор иргэдээс,

  1. Нийтийн зориулалттай орон сууцны нэг давхарт зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг
  2. Хоолны газрын гал тогооны өрөө стандартад нийцэхгүй жижиг талбайтай
  3. Механик агааржуулалтын моторын дуу чимээ их, хоолны үнэр байнга үнэртдэг
  4. Агааржуулалт болон цэвэр бохирын хоолойгоор жоом дамжиж амгалан тайван байдал алдагдуулдаг.
  5. Шөнийн цагаар дуу чимээ их гаргаж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг
  6. Шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг орон сууцанд байрлуулж, хэрэглэдэг
  7. Хоолны газраас болж бохирын шугам бөглөрдөг зэрэг гомдлууд дийлэнхдээ ирдэг байна.

Харин нийслэлийн захирагчийн албанаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрын судалгаанаас харахад нийслэлийн есөн дүүрэгт нийт 1,158 ресторан, 1,057 баар, 324 кафе байдаг аж.

2018 онд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тоо 2017 онтой харьцуулахад 54 хувиар, түдгэлзүүлсэн тоо 30 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр