Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Эрүүдэн шүүсэн асуудлыг шалгах түр хороо байгуулна

УИХ-ын ээлжит чуулган өчигдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд АН-ын бүлэг тарсныг  УИХ-ын дарга Г.Занданшатар албан ёсоор зарлав.   УИХ-ын гишүүн Ж.Батзандан намаасаа хөөгдөж, Л.Болд намаасаа гарах хүсэлт өгснөөр намын удирдлага нь шийдвэрийг нь хүлээж авсан.  Хуулийн дагуу нам бүлэггүй болох асуудлыг УИХ-ын дарга чуулганы хуралдаанд танилцуулах ёстой байдаг. Тиймээс өчигдрөөс АН албан ёсоор бүлэггүй болж, парламент сөрөг хүчингүй болсон анхны хуралдаанаа хийснээрээ онцлог байв.
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар Эрүүдэн шүүсэн хэргийг шалгах “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн юм.  Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж  “Бид энэ асуудлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад гурван жилийн нүүрийг үзэж байна.Түр хороо байгуулаад бүрэлдэхүүнд нь зөв юм ярьж, зөв юм хийдэг цөөн хүн оруулаад ажлыг нь эхлүүлээд өгөөч. Миний бодож, төсөөлж байснаас айхтар зүйл болсон байна. Ийм асуудлыг хэлэлцэхгүй бол бид энд суугаад хэрэг алга. Миний өнөөдрийг хүртэл ярьсан зүйл наад балмад зүйлийн чинь өчүүхэн  хэсэг нь шүү” гэлээ.  Ийнхүү ажлын хэсэг байгуулах асуудлыг гишүүдийн олонх дэмжиж, удахгүй бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирэхээр болов.
Түүнчлэн, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Харин Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд   59.5 хувиар бүхэлд нь баталсан юм. Ингэснээр сум, дүүргийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрхтэй болсон бөгөөд уг зохицуулалтыг 2020 оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөх юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр