Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Зүй бусаар хорогдсон малын мах болох нь шинжилгээгээр тогтоогджээ

2019 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийн 14:00 цагийн үед Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу 20 гаруй тонн эрүүл ахуйн шаардлага хангаагүй үхрийн мах ачсан том оврын тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот орох замд Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх постын хяналт шалгалтаар илэрч саатуулагдсан талаар TV5 телевизээр орон даяар цацагдсан билээ.

Тухай үед тээвэрлэсэн махтай дагалдаж яваа Мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд тус махыг Өлгий сумын иргэн Ерлан ачуулж, Улаанбаатар хотын Цансэнтианий ХХК гэх Хятад нэртэй компани хүлээж авахаар бичигдсэн бөгөөд гэрчилгээг малын их эмч Ж.Онгар олгож, Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, Өлгий сумын 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нар хянан баталгаажуулсан талаар бичигдэж, тамга тэмдэг дарагдсан байв.

Энэхүү асуудлын талаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн хэрэг нээж шалгах явцад дээрх саатуулагдсан 20 гаруй тонн үхрийн махыг Өлгий сумын иргэн М, түүний эхнэр М, эхнэрийн дүү болох Х.Ерлан нар янз бүрийн хүмүүсийн гар дээрээс гарал үүслийн гэрчилгээгүй махыг захын үнээс хямд үнээр худалдан авч цуглаж, хадгалж байсан нь тогтоогдов.

Харин энэхүү махыг Улаанбаатарын иргэн Баярхүү захиалж, нийт 60 сая төгрөгөөр 20 гаруй тонн мах бэлтгүүлсэн нь, Мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нар хянаж баталгаажуулаагүй, тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гарал үүслийн гэрчилгээг Ж.Онгар олгосон болох нь, мөн уг гэрчилгээнд багийн Засаг даргын тамгыг ямар тамга гэдэг нь мэдэгдэхээргүй бүдэг дарсан.

Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн тэмдгийг хүчингүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжихээс өмнөх Мал эмнэлгийн хяналтын улсын албаны /2003 оноос өмнөх/ тэмдгийг дарж хуурамчаар үйлдсэн болох нь гэрч холбогдогч нарын мэдүүлгээр тогтоогдов.

20 гаруй тонн махыг одоогоор Улаанбаатар хотод шинжилгээнд хамруулж байгаа ба шинжилгээний дүнг үндэслээд хэрхэх асуудлыг шийдвэрлэнэ.

Одоогоор Зөрчлийг шалгаж байгаа бөгөөд цаашид гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Прокурорын байгууллагад шилжүүлэх болно.

Жич: Иргэн “М” нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын хяналт шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үхсэн малын махыг бэлтгэн хадгалж байсан зөрчлийг илрүүлж, махыг хураан авч, устгаж, дахин энэ төрлийн зөрчлийг давтан гаргахгүй байх талаар сануулга өгч, Мэргэжлийн хяналтын газраас торгуулийн арга хэмжээ тооцож байсан болно.

Зарим хариуцлагагүй мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүсийн хууль бус үйлдлээс болж аймаг, тухайн аймгийн иргэд, Мэргэжлийн хяналтын байгууллага болно бусад төрийн байгууллагуудын нэр хүндийг унагааж олон нийтэд сөрөг мэдээлэл түгээх, буруу ойлголт өгөх явдлыг таслан зогсоохыг мэдэгдье.

Харин ард иргэд мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, мах махан бүтээгдэхүүнийг гар дээрээс хямд үнээр худалдан авахгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2019-04-14 18:53:40

arai ymda `mungu ulaan nud tsagaan

Ажлын байр