Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

КАПИТАЛ БАНК ХХК-Д авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Капитал банк ХХК банкны үйл ажиллагааны зохистой харьцааны зарим шалгуур үзүүлэлтээ хангахгүй болсон үеэс эхлэн тус банкийг албадан татан буулгасан үе буюу 2015 оны 10 дугаар сараас 2019 оны 4-р сар хүртэлх хугацаанд Монголбанкнаас зөрчил дутагдлыг арилгах, банкны засаглалыг сайжруулах талаар холбогдох хууль, журмын дагуу шат дараатай, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тухай бүр авч байв.

Үүний зэрэгцээ ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тус банкинд олон улсын стандартын дагуу активын чанарын үнэлгээг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэн, өөрийн хөрөнгийн дутагдлыг тогтоож, дутагдлыг арилгах хугацааг зааж өгч байв. Капитал банк болон бусад бүх арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг 2017 оны 8-р сараас эхлүүлж, 2018 оны 2 дугаар сард үр дүнгийн талаар мэдээлсэн бөгөөд тус үнэлгээгээр банкуудын зээлийн багцын чанарыг үнэлэхээс гадна тэдгээрийн үйл ажиллагааны бодлого, журам, зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо, барьцаа хөрөнгө, гуравдугаар түвшний хөрөнгө зэргийг үнэлэх ажиллагаа хийгдсэн болно. Түүнчлэн, банкууд өөрийн хөрөнгийн түвшинг 2021 он хүртэлх хугацаанд хангах талаар бизнес төлөвлөгөөг боловсруулан Монголбанкинд ирүүлэх нийтлэг шаардлагыг тавьж, санхүүгийн үзүүлэлтэд эрсдэлийн сорилын шинжилгээг хийх замаар өөрийн хөрөнгийн хүрэлцээний дутагдлыг тодорхойлсон болно. Капитал банк тус үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан тул 9 сарын хугацаатай үүрэг даалгаврыг Монголбанкнаас өгч, 2018 оны 12 дугаар сард багтаан бүрэн хангасан байх шаардлагыг тавьсан болно.

Капитал банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг хуганцаанд нь биелүүлж чадаагүйгээс гадна, Монголбанкнаас Төв банк (Монголбанк)-ны тухай, Банкны тухай хуулийн дагуу авсан арга хэмжээний биелэлт хангагдаагүй, Банкны тухай хуулийн дагуу Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авах үндэслэлгүй байв. Тус банкны өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 0.5 хувь болсноор хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болж, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрч, цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон тул дараагийн арга хэмжээг авах шаардлага үүссэн болно.

Иймд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, албадлагын арга хэмжээ авах”; 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтад “Монголбанкны Ерөнхийлөгч Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийг харгалзан шийдвэр гаргах, арга хэмжээ авах”; Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны шийдвэр гаргасан үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилно” гэснийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо.

Банкны эрх хүлээн авагч томилогдсоноор Капитал банкны үйл ажиллагааг зогсоон, тус банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авахаар ажиллаж байгаа бөгөөд харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөр Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Банкны тухай хуульд зааснаар шийдвэрлэгдэнэ. 20 сая төгрөгөөс доош дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрийг ойрын хугацаанд Хаан банкаар дамжуулан олгох ба даатгалын нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрээс яаралтай олгохын тулд Хаан банк, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажиллаж байна. Харин 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нэхэмжлэлийг Банкны эрх хүлээн авагч удахгүй авч эхлэх бөгөөд мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэнэ.

Капитал банк нь банкны системийн 1.1 хувийг бүрдүүлдэг байсан бөгөөд системийн нөлөө бүхий банк биш тул эдийн засаг дахь санхүүгийн зуучлалд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Монголбанк үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг ханган ажиллаж байна.

Монголбанк

2019 оны 4-р сарын 13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр