Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Инфляци буурчээ

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд өнөө жилийн эхний улиралд 18.235 эх амаржиж, 18.352 хүүхэд төрүүлжээ.Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.2 пункт, нас баралт 0.1 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр буурчээ.1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Орхон, Ховд аймагт улсын дунджаас 0.3-1.2 пунктээр дээгүүр, Говь-Алтай аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.2-3.0 пунктээр доогуур байгаа аж. 1000 хүнд ногдох нас баралт Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Дорноговь, Говь-Алтай, Архангай, Булган,Дархан-Уул, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.1-0.2 пунктээр дээгүүр, харин Улаанбаатар хот болон Баянхонгор, Орхон, Дундговь, Төв, Дорнод аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.5 пунктээр доогуур байна.Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Ховд, Орхон, Дорнод,Өмнөговь аймагт улсын дунджаас 0.1-1.0 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-3.0 пунктээр доогуур байна.

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ТАЛ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн хувьд өнгөрсөн сарын эцэст 31.8 мянгаар тоологдож байна. Үүнээс 21.7 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.1 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.3 мянга буюу талаас илүү хувь нь эмэгтэйчүүд гэсэн тоо гарчээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 378 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бол 190 нь эмэгтэйчүүд юм байна. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 4.1 мянга нь эрэгтэй, 0.8 мянга нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 38.1 хувь нь БНХАУ-ын, 9.7 хувь нь Австрали улсын, 6.7 хувь нь ОХУ-ын, 5.6 хувь нь БНСУ-ын, 5.2 хувь нь АНУ-ын, 5.0 хувь нь БНСВУ-ын, 3.9 хувь нь Өмнөд Африк улсын, 3.5 хувь нь Канад улсын, 3.5 хувь нь Филиппин улсын, 3.2 хувь нь Их Британи улсын, 15.7 хувь нь бусад улсын харьяат гэсэн статистик гарчээ. Манай улсад 2019 оны нэгдүгээр улиралд ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 1.8 мянга нь уул уурхай, олборлолтын, 972 нь боловсролын, 837 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 317 нь боловсруулах үйлдвэрлэлийн, 232 нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, 166 нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 161 нь барилгын, 0.5 мянга нь бусад салбарт тус тус ажиллаж байна.

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ӨСӨВ

Mөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 19.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 112.4 тэрбум төгрөгөөр өсчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны гуравдугаар сарын эцэст 17.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 223.1 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөгөөр өссөн байна.Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны гуравдугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 20.9 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 633.4 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.0 пунктээр өссөн байна.

ТАТВАРЫН НИЙТ ОРЛОГО ӨСЛӨӨ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 2163.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1969.1 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 194.3 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.Татварын нийт орлого 2019 оны эхний улиралд 1971.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 353.4 тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 125.3 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 94.6 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 56.6 тэрбум төгрөг, онцгой албан татвар 48.9 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 29.7 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 0.7 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 3.1 ТЭРБУМАМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ

Монгол Улс 2019 оны эхний улиралд дэлхийн 120 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.8тэрбум америк доллар, импорт 1.3 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2019 оны гуравдугаар сард экспорт 678 сая америк долларт, импорт 448.2 саяамерик долларт хүрч, өмнөх сараас экспорт 191.7 сая америк доллараар, импорт 114.7 сая америк доллараар тус тус өсөөд байна.

МАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭРЭЭ ӨВӨРХАНГАЙ ТЭРГҮҮЛЛЭЭ

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны гуравдугаар сард ат Өвөрхангай аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 762.5 мянган төгрөг, соёолон үрээ Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 991.7 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 576.3 мянган төгрөг, хязаалан шар Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 1.3 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 566.7 мянган төгрөгийн үнэтэй байна.Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 170 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 117.5 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Дундговь аймагт хамгийн их буюу 130.0 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 81.7 мянган төгрөг байв.

НООЛУУР 90-132 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Говь-Алтай, Дундговь аймагт хамгийн их буюу 42.0 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 19.0 мянган төгрөг, бусад аймагт 30.0-40.0 мянган төгрөг байна.Ямааны цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ Хэнтий аймагт хамгийн их буюу 132 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 90 мянган төгрөг, бусад аймагт 94-130 мянган төгрөг байгаа аж.

ҮРИЙН БУУДАЙН ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭ 760 МЯНГА

Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны гуравдугаар сард нэг тонн үрийн буудайн дундаж үнэ Орхон аймагт хамгийн их буюу 760 мянган төгрөг, Завхан аймагт хамгийн бага буюу 500 мянган төгрөг, нэг тонн таваарын буудайн дундаж үнэ Завхан аймагт хамгийн их буюу 600 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 450 мянган төгрөг байна. Боодолтой өвсний (20кг) дундаж үнэ Өмнөговь аймагт хамгийн их буюу 10 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 2.7 мянган төгрөг, нэг тонн задгай өвсний дундаж үнэ Завхан аймагт хамгийн их буюу 300 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 85 мянган төгрөг гэсэн статистик гарчээ.

ОРОН СУУЦНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2019 оны нэгдүгээр улиралд 2010 оны эцсээс 82.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар, өмнөх улирлаас 0.1 хувиар тус тус өсчээ. Орон сууцны үнэ 2019 оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт 0.1 хувиар буурч, харин Баянзүрх дүүрэгт 0.6 хувь, Хан-Уул дүүрэгт 0.3 хувь,Чингэлтэй дүүрэгт 0.2 хувиар өсч, Сүхбаатар дүүрэгт өөрчлөлтгүй байна.2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных Баянгол дүүрэгт өөрчлөлтгүй, Сонгинохайрхан дүүрэгт 0.2 хувь, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт 0.7 хувь, Хан-Уул дүүрэгт 1.0 хувиар өсч, Сүхбаатар дүүрэгт 0.2 хувиар буурчээ. Өмнөх улиралтай харьцуулахад 2019 оны нэгдүгээр улиралд 1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ зургаан дүүрэгт өөрчлөлтгүй, 1970-2001 оны орон сууцных Баянгол, Хан-Уул дүүрэгт 0.1-0.3 хувиар буурч, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт 0.1-0.8 хувиар өссөн дүнтэй гарсныг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. 2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцны үнэ Хан-Уул дүүрэгт өөрчлөлтгүй, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт 0.1-0.4 хувиар буурч, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт 0.3 хувиар өсөөд байна.

Г.Ганзориг: БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨСӨН НЬ ИНФЛЯЦИ БУУРАХАД НӨЛӨӨЛСӨН

Үндэсний статистикийн хорооны сар тутам хийдэг мэдээллээс зарим үзүүлэлтийг нь онцолж эдийн засагчийн байр суурь, тайлбарыг хүргэж байхаар боллоо. Энэ удаагийн өнцөг инфляци, гадаад худалдааны тэнцэлд чиглэж байна. Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.


-Статистикийн хорооноос гаргасан эдийн засаг, нийгмийн гуравдугаар сарын үзүүлэлтүүдээс юуг нь онцолмоор санагдаж байна вэ?

-Эндээс хоёр үзүүлэлт анхаарал татаж байна. Нэгдүгээрт, инфляци харьцангуй буурсан байна. Хоёрдугаарт, гадаад худалдааны тэнцэл сайжирсаар байгаа төлөв ажиглагдлаа.

-Инфляци бол мэдээж хүн бүрт хамааралтай үзүүлэлт. Тэгэхээр энэ талаар дэлгэрэнгүй тайлбарыг олон нийт хүлээж байгаа байх. яагаад буурав аа?

- 2018 оны арваннэгдүгээр сард бодлогын хүүг ээлжит бус хурлаар өсгөсөн. Үүний цаад шалтгаан нь тухайн үед ам.долларын ханш эрчимтэй чангарч байсантай холбоотой. Мөнгөний бодлогын энэ шийдвэр инфляци буурахад нөлөөлсөн болов уу гэж харж байна. Мөн сүүлийн саруудад ам.долларын ханш тогтвортой байсан нь импортын гаралтай үнийн дарамт бага байсанд нөлөөлсөн болов уу.

-Худалдааны тэнцэл сайжирч буй нь бидэнд ямар нөлөөтэй вэ?

-Хамгийн гол өөрчлөлт нь экспортын өсөлт импортын өсөлтөөс илүү байна. Үр дүнд нь тэнцэл нь нэмэгдсээр байгаа юм. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэнцэл 38 хувиар сайжирсан байна. Мэдээж энэ нь Монгол Улсад орж ирж буй ам.долларын урсгалыг сайжруулна. Улмаар ам.долларын ханш тогтворжих суурь нөхцөлүүдийн нэг болно.

Ц.БИЛИГ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр