Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хүн бүхэн өөр өөр үнэртэй байдгийн учир

ЧИНИЙ МИНЬ ҮНЭР /домог/

Нэгэн нутагт олон жилийн аян дайнд эр нөхрөө үдэж буй бүсгүй малгайг нь заавал өөрийн гараар оёж өгдөг байж л дээ. Энэ ёсыг хэн хэзээ нээснийг мэдэхгүй ч тэр нутгийнхан мөрдлөг болгон ирсэн байна.

Саяхан өрх тусгаарласан залуу хос аз жаргалдаа умбан байтал нөхөр нь эр цэргийн ёсоор аян дайнд явах болж, бүсгүй түүндээ шөнөжин сууж малгай оёлоо. Сүрхий донж маяггүй жирийн л малгай болсон байлаа. Залуу баяр баясгалантайгаар дайнд мордов. Учир нь “би эх орондоо хэрэгтэй” гэсэн мэдрэмж түүнд эрч хүчийг өгч байсан юм.

Тэр цагаас хойш олон жил өнгөрч. бүсгүй хөл хүндтэй үлдсэн байж л дээ. Ханьтайгаа хосгүй адилхан хүүгээ харах бүрийд самсаа нь шархирна. Цаг мөч бүхэнд бүхий л оюун бодол, сэтгэл зүрхээрээ ханиа сайн яваасай, эрүүл энх байж эсэн мэнд эх нутагтаа ирээсэй хэмээн Лха таван тэнгэр, гэрэлт наран, гэгээн тэнгэр гээд л юм бүхнээс наминчлан гуйсаар л байлаа.

Гэвч хань нь аян дайнд тулалдаж яваад ухаангүй хоцрон үлджээ. Бүгд л түүнийг амь үрэгдсэн гэж бодож байлаа. Харин түүний үнэнч хүлэг морь л дэргэдээс нь алхам ч холдсонгүй. Нартайд сүүдэрлэн зогсоно, бороо шуургатайд халхавч болон нөмөрлөнө, Зарим үед голд орж дэл сүүлээ норгож ирээд эзнээ нойтон биерээ шөргөөж биен дэх усаа сэгсрэн чадах чинээгээрээ л дэм болох гэж оролдоно.

Яг тэр үеэр ард хоцорсон хөөрхий бүсгүй авдраа уудлан эр нөхрийнхөө малгайд хийсэн өвсний үндсийг гарган Бурханыхаа өмнө тавилаа. Эхнэр хүний зөн мэдрэмж нь түүнийг зүгээр л нөхрөө дуудах хэрэгтэй гээд байгааг ёсоор болгосон байна.

Хорвоод хосгүй хослон ургадаг Вансэмбэрүү цэцэг бол тэнгэрийн цэцэг, энэхүү цэцгийг ээж нь түүнд айлын бэр болоод явах үед нь өгч байсан билээ. Нутгаа санах үедээ, тэнгэрээс тусламж хэрэгтэй үедээ хэрэглээд, хайртай хүндээ нэгийг нь нөгөөг нь өөртөө хадгалж байгаарай гэж нандигнан өгсөн учиртай байж. Бүсгүй эртний домогт, өөрийн хувь заяандаа итгэдэг байлаа.

Хорвоод хосгүй хослон ургадаг тэнгэрийн цэцэг түүнд хайртыг нь авчирна гэдэгт итгэж голоо тасартал хүлээнэ гэдгээ андгайлан тангараглаж байв. Шөнийн олон оддын дор сэтгэлээ илгээн, үдшийн бүрий, үүрийн гэгээтэй хамтдаа олон ч хоног зогсжээ.

Аадар бороо орсон аянга шуургатай нэгэн өдөр залуу ухаан орсон нь ид шид байлаа. Тэнгэр хангай түүнийг ариусган, тэнгэрлэг хүлэг нь хань бараа болон зогсож байгааг харжээ. Идэх юм хайн өврөө ухахад түүнд юу ч байсангүй. Мориных нь хажууд түүний малгай унасан байхыг харан малгайгаа авч духан дээрээ тавиад мэгшин уйлжээ. Учир нь түүний малгайнаас нутаг нь үнэртэж байсных. Малгайгаа сэгсрэхэд унасан хатсан өвсийг амандаа хийж орхивол аажмаар тэнхэрч байгааг мэдэрсэн байна. Ийнхүү өдөр бүр бага багаар малгайн доторхи өвснөөс идсээр илааршив.

Харахад царай муутай хэн ч тоохооргүй малгайд олон зүйл шингэсэн байсны учир нь түүний гэргий эмийн ургамал, хүч чадал оруулах бүхий л зуйлийг багсран чихэж, зарим газар нь бүр хавчуулж байгаад оёсонд байж…

Ийнхүү залуу нутагтаа ирж, гэр бүлээрээ амар амгалан, элэг бүтэн амьдрах болсон юм гэдэг.

Хайртай хүнийхээ үнэрийг бүү мартаарай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр