Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

"Ирвэс хамгаалах сан"-гийн захирал дэлхийд нэр хүндтэй шагнал хүртлээ

Г.Орчлон
Байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа “Ирвэс хамгаалах сан”-гийн захирал А.Баяржаргал дэлхийд нэр хүндтэй шагналыг өнгөрсөн даваа гарагт хүртжээ. Олон улс дахь нэр хүндээрээ “Нобель”, “Пулитцер” зэрэг шагналтай дүйцэх, Голдманы байгаль орчны шагналыг Монгол Улс хоёр дахиа гардан авч буй юм. “Ирвэс хамгаалах сан”-гийн захирал А.Баяржаргал АНУ-ын Сан-Франциско хотод энэ хүндтэй шагналаа авчээ. Голдманы байгаль орчны шагналыг 1989 онд Ричард Голдман, Рода Голдман нарын гэр бүл санаачлан бий болгосон бөгөөд одоогоор дэлхийн 89 орны 194 хүн хүртээд буй аж. 

 
Олон улсын хэмжээнд байгаль орчны салбарын иргэний нийгмийн байгууллага, мэргэжилтнүүдийн сүлжээнээс нууцаар нэр дэвшүүлэн, олон улсын шүүгчдийн санал хураалтаар жилд зургаан хүнийг шалгаруулдаг юм. Голдманы шагналын сан нь 200 000 ам.доллар бөгөөд шагналтнууд Сан-Франциско, Вашингтон зэрэг хотоор 10 өдөр аялж, хэвлэлийн бага хуралд оролцон, улс төр, байгаль орчны салбарын удирдагчидтай уулздаг юм байна. 

 
А.Баяржаргалын удирддаг “Ирвэс хамгаалах сан” нь 2007 онд байгуулагдаж, дэлхийд нэн ховорт тооцсон цоохор ирвэсийн идэш тэжээлийг судлах, хамгаалах үйл ажиллагаа явуулан түүндээ нутгийн иргэд, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаач, хувь хүмүүсийг оролцуулах чиглэлээр ажилладаг юм. Тус сангийнхан Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Тост, Тосонбумбын нурууны 754 000 га талбайг тусгай хамгаалалтад авах үйлсийг санаачлан зургаан жилийн турш уйгагүй хөөцөлдсөний үр дүнд 2016 онд УИХ-аас байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, 2017 онд Засгийн газрын шийдвэрээр хилийн цэсийг нь тогтоосон билээ. 

 
Ташрамд дурдахад, А.Баяржаргалаас өмнө манай улсаас “Онги голынхон” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр уг шагналыг хүртэж байв.


 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр