Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өгий нуурт өгөх нэрээр дөрвөн тэрбум төгрөг “залгих” нь уу

Өгий нуурыг хамгаалахын тулд энэ жил төсвөөс хоёр, ирэх жил дахин хоёр тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Нүүдлийн шувуудын өлгий, дэлхийн ус намгархаг газруудын сүлжээ буюу Рамсарын конвенцод бүртгэгдсэн эл нуур замбараагүй аялал жуулчлалын гайгаар талхлагдаж, мал аж ахуй, хүний буруутай үйл ажиллагаанаас болж доройтон бохирдсон учир ийм төсөл хэрэгжүүлэх болсон аж. Уг ажлын гол дүрд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “тоглож” байна. Орон нутгийнхан “Эл асуудлыг шийдэж өгсөн гишүүндээ баярлалаа”, “Олон жил ярьж арай гэж шийдүүллээ” гэх мэтээр түүнийг шагшин магтаж эхэллээ.

Харамсалтай нь, олдвол өлдөхийн үлгэрээр бодит байдалд өнөөх их мөнгийг юунд, хэрхэн зарцуулахыг мэдэх хүн алга. Юу юугүй зургадугаар сар гарч, иргэд аялалд явахаас өмнө нуурыг нөхөн сэргээж эхлэх ёстой атал өдий хүртэл юу нь ч тодорхойгүй нам жим. Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Баянмөнх энэ талаар “Зураг төслийг нь боловсруулах тендер зарлахаар ажиллаж байна. Төсөв нь бэлэн. Аймгийн Худалдан авах ажиллагааны газрынхан тендерийг хариуцсан” гэв. Орхон, Чулуут голын сав газрын захиргааны харьяа Өгий нуурын мэдээлэл, сургалтын төвийнхөн ч “Бидэнд энэ талаар мэдээлэл алга. Төсөв нь шийдэгдсэн гэж дуулсан. Харин юу хийхийг нь мэдэхгүй юм. Өнгөрсөн хоёрдугаар сард орон нутгийнхнаас санал авсан” гэлээ.

Зураг, төсөл боловсруулаагүй хэрнээ сургууль, цэцэрлэг барина гээд төсөвт хөрөнгө суулгадаг талаар УИХ-ын гишүүд нэг хэсэг шуугьж, нэлээд маргасан. Эл “жишиг”-ээр Өгий нуурыг нөхөн сэргээх ажлыг төсөв төлөвлөгөөгүй, сэтгэл хөдлөлөөр шийдчихсэн бололтой. Нэгэнт төсөвлөсөн мөнгийг зарцуулах нь зүйн хэрэг учраас Ж.Мөнхбат гишүүний санаачилгаар нутгийн иргэд болон холбогдох албаныхан зөвлөлдөж, хоёр тэрбумаа яаж зарцуулах талаар ярилцжээ. Эхний ээлжид Өгий нуур луу Орхон голоос 17 км суваг татаж, усны түвшнийг нь дэмжих саналтай юм байна. Гэхдээ энэ сувгаа хаанаас, хэрхэн татах, татчихвал үнэхээр үр дүнтэй, эсэх нь тодорхойгүй. Хэдэн төгрөг зарцуулах нь бүр ч эргэлзээтэй. “Тэртэй тэргүй Орхон гол гадагшаа урсчихдаг юм чинь жоохон ч гэсэн Өгий нуурт өгье” гэсэн ганц “том” төлөвлөгөөтэй. Бас “Суваг нь тохируулгатай байна” гэх тойм төдий “төсөл”-тэй.

Гэтэл үүнийг эсэргүүцэх нэг хэсэг байна. “Орхон голын урсац татрахаар нуурт цутгаж дийлэх үү. Зарим жил шагай далдрамгүй гүехэн болчихдог” хэмээсэн. Түүнчлэн “Орхон голын ойр орчимд алтны уурхай олон. Компаниуд гол үерлэхийг далимдуулаад алт угаасан бохироо урсгадаг байх. Зарим үед шавар урсдаг. Ийм байхад Орхоноос ус татаад нуураа аварч чадах уу. Эл асуудлыг цэгцлэхгүй бол нуурыг нөхөн сэргээж чадахгүй” гэх хүн ч бий. Үүнд холбогдох албаныхан “Алтны уурхайн лицензийг өнгөрсөн жилээс цуцалж эхэлсэн” хэмээн хариулдаг ч бодит байдалд аж ахуйн нэгжүүд голыг бохирдуулсаар л байгаа нь үнэн гэдгийг батлах хүн мундахгүй.

Бас нэг “үнэтэй” санал нь нуурыг тойруулж хашаа хатгах. Эргэн тойрон дахь айлуудын малын хөлөөр нуур бохирдох болсон тул ийм арга хэмжээ авах гэнэ. Гэтэл үүнийг малчид эсэргүүцэж “Мал нуурыг бохирдуулсан гэдэгтэй санал нийлэхгүй. Малчид эртнээс л байгальтайгаа шүтэлцэн амьдарч ирсэн. Бидний аав, ээж Өгий нуурын эрэгт үүнээс өмнө өчнөөн олон жил мал маллахад бохирдоогүй юм. Гэтэл одоо яагаад гэнэтхэн булингартсаныг бодох хэрэгтэй. Хотынхон загас барих нэрээр нууранд тор хаяж байгаагийн л балаг шүү дээ. Бас машинаа угааж, өөрсдөө ч усанд ордог” хэмээжээ. Өмнө нь нуурыг тойруулан шон татах төсөл хэрэгжүүлэх байсан ч бүтэлгүйтсэн гашуун туршлагыг тэд сануулсан. Орон нутгийн хөгжлийн сангаас 50 орчим сая төгрөг гаргасан ч гүйцэтгэгч нь ажлаа хийгээгүй, өдгөө шүүхэд маргаан үүсгэчихсэн яваа гэнэ.

Тэдний хэлснээр, Өгий нуурыг зорих дотоодын аялагчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Хөвсгөл, Увс, Буйр нуурыг бодвол Улаанбаатартай ойр, 360 км зайтай, хатуу хучилттай авто замаар хэдхэн цаг давхиад хүрдэг учраас жуулчдын тоо 100 мянга шүргэх болсон гэнэ. Тиймээс малчдад биш, захиргаагүй, хяналтгүй жуулчдад анхаарах шаардлагатай, хэрэв нуурыг хашвал малчдад зориулж худаг гаргах нь зүйтэйг нутгийн иргэд хөндсөн. Үүний хариуд Ж.Мөнхбат гишүүн “Мэдрэгчтэй, хүн ажиллахааргүй худаг барина. Мал ирэхийг мэдэрч, ус өгдөг” гэж мөрөөдөл, зөгнөлөө ярьжээ.

Нуурыг хэрхэн хамгаалах ёстой талаар нутгийнхан “Нуурын баруун хэсэг онцгой бүс. Рамсарын конвенцод бүртгүүлэх гол шалгуур болсон шувууд, загасны үржлийн газар болох баруун хэсгийг нь 2006 онд Өгийнуур сумын ИТХ-аар онцгойлон хамгаалах шийдвэр гаргасан ч өдий хүртэл хэрэгжүүлээгүй. Энэ хэсэгтээ айлууд буулгахгүй, бас аялагч нэртэй байгаль сүйтгэгчдийг нэвтрүүлэхгүйн тулд нуурыг бүхэлд нь биш, баруун хэсгийн эрэг дагуух 7-10 км-ийг хаших нь зүйтэй. Үүнээс гадна моторт завь явуулахаа болих хэрэгтэй. Тус хэсэгт уг нь морьтой хүн ч харагдахааргүй өндөр зэгстэй байсан ч одоо устжээ. Тэнд мод тарьж үзсэн ч арчилж хамгаалж чадаагүйгээс үхүүлчихсэн юм билээ. Тиймээс хамгаалах шинэ төлөвлөгөөндөө зэгс тарих талаар тусгах нь зүйтэй. Энэ талаарх саналаа холбогдох албаныхан төсөл, төлөвлөгөө боловсруулагчдад хүргэсэн. Үүнд нэг их хөрөнгө шаардагдахгүй байх” хэмээсэн юм. Мөн “Загасны нөөцийг нэн даруй тодорхойлох ёстой. Хэдхэн жилийн өмнө том загаснууд баригддаг байсан. Одоо бол жараахайнууд л байна. Нөөц багассан бол агнуурыг хориглох ёстой” гэсэн.

Өнгөрсөн зун хур бороо элбэг байж нуурын усны түвшин нэлээд нэмэгджээ. Нийт талбайнхаа бараг 90 хувьд хүрсэн гэнэ. Байгалийн жамаар ийн сэргэж байхад заавал тэрбум тэрбумын хөрөнгө зардал гаргаж, суваг татах хэрэг байна уу. Мөнгө төсөвлөж болно. Хамгийн гол нь зөв менежмент хэрэгтэй. Зөв зарцуулж чадахгүй бол хоёр байтугай 20 тэрбум байгаад ч нэмэргүйг нутгийн иргэд ч хэлсэн. Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр Хөвсгөлд хэрэгжүүлсэн “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” хэмээх гоё нэртэй төслийн үр дүнд иргэдийн амьжиргаа дээшлээгүй, тогтвортой аялал жуулчлал ч хөгжөөгүй, байгаль орчин улам л доройтож, ашиглаж ч, хаяж ч болдоггүй хэдэн жорлонгоос өөр юм үлдээгүй жишээг холбогдох албаныхан нь санахад илүүдэхгүй биз ээ. Түүнчлэн заавал мөнгө гаргах биш, эл асуудалд бодлогын түвшинд анхаарах шаардлагатайг ч онцолсон. “Борооны дараах мөөг шиг олширч байгаа жуулчны баазуудыг цэгцлэхэд анхаарах хэрэгтэй. Жуулчин олноор ирж байгаа тул баазын тоо цаашид улам л нэмэгдэнэ. Тиймээс нуураа хамгаалмаар байгаа бол бааз байгуулах зөвшөөрөл нэмж олгохоо зогсоох ёстой” гэснийг уламжилъя. Өгий нуурыг өөд нь татах нэрээр дөрвөн тэрбум төгрөгийг хэн нэгэн, хэсэг бүлэг “залгичих” вий дээ.

Бэлтгэсэн: М.Оч
 

 

 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр