Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Гадаадын компаниудаас мөнгө залилсан Нигерийн иргэнийг Монголд баривчилжээ

Манай улсын аж ахуйн нэгжүүдийн харилцдаг гадаадын компанитай ижил нэртэй аж ахуйн нэгж үүсгэн байгуулж, их хэмжээний төлбөрийг нь авдаг цахим залилангийн хэргийн хохирогч нь монголчууд болж байсан цаг саяхан. Өөрөөр хэлбэл, “Нигерийн залилан” гэдэг цахим залилан, мөнгө угаах гэмт хэргийн хохирогч нь манай аж ахуйн нэгжүүд болж байсан билээ. Тэгвэл Монголд суурьшин гадаадын компаниудыг залилж, мөнгө угаадаг байсан улс дамнасан зохион байгуулалттай гэмт бүлгийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн үйлдлийг нь таслан зогсоож, шалгаж эхэлжээ.

Уг хэрэгт бас л Нигерийн иргэн холбогджээ. Хэдхэн сарын өмнө Нигерийн дөрвөн иргэн хар тамхины зохион байгуулалттай бүлэг байгуулж, хилээр оруулж ирэн, худалддаг байсан хэрэгт холбогдон шалгуулж буй билээ. Тэднээс өмнө Нигерийн нэг иргэн хуурамч ам.доллароор бараа худалдан авч байгаад баригдаж байв. Тэгвэл өдгөө Эжикеме Чинвенду Кассандра (Ejikeme Chinwendu Cassandra) гэх 39 настай тус улсын иргэн Улаанбаатар хотын харьяат Б.Х хэмээх эмэгтэй, Т.А, Д.Г нарын залуустай хамтран 2018 оны зургадугаар сараас хойш гадаадын компаниудын и-мэйл хаягийг хакерддаг байсан хэрэгт шалгуулж эхлэв. Тэд нөгөө талын харилцагч руу нь “барааны төлбөр хүлээн авах данс өөрчлөгдсөн” хэмээн захидал бичдэг байсан гэнэ. Улмаар өөрсдийнхөө нэр дээр гадаадын төлбөр хүлээн авах компанитай ижил нэртэй аж ахуйн нэгж байгуулж, их хэмжээний ам.доллар, евро шилжүүлэн авч байсан нь баримтаар нотлогдож буй аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр дээрх нигери эр Б.Х-тай гэр бүл болж манай улсад амьдарч буй бололтой. Хэргийн холбогдогч нар Монгол Улсад 16 компани байгуулснаас зургааг нь ашиглан Энэтхэг, Турк, ХБНГУ-д үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют залилан, Монгол Улс руу шилжүүлэн авч, мөнгө угаасан нь батлагдаад буй аж.

Жишээ нь, тэд Туркийн нэг компанийн санхүүгийн менежерийн цахим шууданг хакердан орж, албан ёсны хаягаас нь ганцхан үсгийн зөрүүтэй хуурамчийг нээн албан захидал хүргүүлсэн байжээ. Тэд ийнхүү 16 компани байгуулахдаа арилжааны банк, УБЕГ-ын мэргэжилтнүүдтэй үгссэн байж болзошгүй гэх мэдээлэл бий бөгөөд хууль сахиулах байгууллагынхан нарийвчлан шалгаж буйг эх сурвалжууд баталаад байна.

Хэргийн холбогдогч нар Туркийн дөрвөн компаниас 101 455-468 000 евро, Энэтхэгийн хоёр аж ахуйн нэгжээс 20 000-79 889 ам.доллар мэхлэн авсан нь санхүүгийн шалгалтаар тодорхой болсон байна. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд энэ хүрээндээ ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан ийнхүү улс дамнасан зохион байгуулалттай бүлэглэлийнхнийг илрүүллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр