Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хүчирхийллийг зогсооё ээж, аавууд аа

Хүчирхийлэл дунд өсөж, үл хайхрахын зовлон, зодуурын “амт”, гэр бүл салахын горыг бие, сэтгэл, мэдрэхүйгээрээ амсаж ирсэн бүхэл бүтэн хоёр үеийн хүүхдүүд бий гэх. Эхнийх нь 1990-ээд онд төрсөн жаалууд. Ээж, аав нь арилжаа наймаа хийн урагшаа, хойшоо явж тэд нэг хэсэг эзэнгүйдсэн. Одоо өөрсдөө аав, ээж болж, олонх нь хилийн дээс алхан хөдөлмөрлөж буй. Мөн л үр хүүхдээ орхин хүмүүжил, боловсролынх нь асуудлыг үл хайхарсаар. Айлын хаяа түшиж үлдсэн тэдгээр хүүхдийн зарим нь хэрэгт ороолцолдож, хүчирхийлэл үйлдэж буйг судлаачид шогшрон хэлж байна. Улмаар тэд өөрийн үзсэн зовлонгоо үр удамдаа нялзааж, хүүхдээ үл хайхарч эхлэв.

Бяцхан зүрхнүүд хүчирхийллийн өмнө сөхөрч, цагаасаа өмнө хорвоог орхиж буй жишээг бид олонтоо сонссон. Одоо л энэ хүчирхийллийг таслан зогсоож, хүүхдүүдэд багаас нь зүй бус үйлдлийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэхгүй бол оройтох гээд байна, ээж, аавууд аа. Төр, засагт даатгаад, илүү зүйл нэхэж, их юм хүсэж байхаар дор бүрнээ үр хүүхдээ хайрлая. Хүнд зодуулаад ирсэн хүүхдээ “арчаагүй амьтан” хэмээн хорслын харцаар шилбүүрдэж, нэмж гөвж байхаар, болсон үйл явдлын талаар тодруулан асууж ярилцахаас бидний халамж эхлэх юм, уг нь. Зарим эцэг, эх “Буцаагаад цохихгүй яасан юм, хүнд дээрэлхүүлж болохгүй” хэмээн хүүхдүүдийн дунд өс зангидаж суудаг нь өнөөгийн үнэн төрх билээ. Үгүй бол үл хайхарч хүчирхийлэлтэй дасан зохицоход хүргэдэг. Дээрээс нь урлаг, соёлынхон хүчирхийллийг их, бага хэмжээгээр байнга сурталчилдаг. Жишээ нь, сүүлийн үед гарч буй кинонд өшөө авалт, хууралт, харгислалын талаар тусгасан нь цөөнгүй. Зөв зүйлийн төлөө хэн нэгнээс өшөө авах ёстой мэтээр сурталчилдгаа анхаарах нь зүйтэй. Өсвөр үе тэднийг даган дуурайдаг билээ.

Бидний харилцаа, хандлагаас хүүхэд өөртөө итгэлтэй зөв хүн болох уу, хүчирхийлэгч, гутранги үзэлтэн, нуугдмал, зожиг ууртай нэгэн болж төлөвших үү гэдэг нь шалтгаална. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг дээ. Гэтэл олонх ээж, аав хүүхдэдээ үлгэрлэж, зөв сайхан замд хөтлөхийн оронд өөгшүүлж, худал хуурмаг, хөнгөн хуумгай нэгэн болгож буй. Тухайлбал, замаас олсон мөнгөө хүүхдийнхээ дэргэд гайхуулах ээж, хариултаа илүү авснаа аз гэж сайрхах аав олширчээ. Үүнийг гэр бүл судлаачид, сэтгэлзүйчид нэг төрлийн хүчирхийлэл, аз биш эз гэж үзэж буй. Тиймээс хүүхдүүд газраас хэтэвч олоод цагдаад мэдэгдэхгүй, илүү авсан хариултаа буцааж өгөхгүй өөртөө “шингээж”, араншингаа эвдэх болсон. Буруу гараар олсон мөнгөөрөө РС тоглож, баар сав хэсдэг нь нууц биш.

НҮБ-аас саяхан дэлхийн 57 орныг хамарсан судалгаа хийж, хүчирхийлэлд өртсөн хохирогчдын хэд нь хуулийн байгууллагад ханддагийг тодруулсан байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 11 хувь нь хуулийн байгууллагад ханддаг гэжээ. Өөрөөр хэлбэл, 11 хохирогчоос нэг нь л хуулийн байгууллагад ханддаг байх нь. Монголын хохирогчид ч тэр бүр хуулийн байгууллагад ханддаггүй. Хуулийн байгууллагад хандах тусмаа дахин хүчирхийлэлд өртдөгийг төрийн бус байгууллагынхан хэлсэн. Жишээ нь, хүүхэд аливаа гэмт хэргийн хохирогч боллоо гэхэд хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад ханддаг. Цагдаагийн байгууллага гэмт хэрэг мөн, бишийг тодорхойлохын тулд заавал шүүх эмнэлэг рүү явуулдаг. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хүүхэд нэг удаа үзүүлэх 10 000 төгрөгийг чөлөөлсөн болохоос бусад үйлчилгээний төлбөрийг чөлөөлөөгүй аж. Жишээ нь, ураг садандаа хүчирхийлүүлсэн бол хүүхэд ДНХ-ийн шинжилгээнд 100 000 төгрөг төлөх шаардлагатай. Бусад үйлчилгээ нь 5000, 8000 төгрөг. Цаашлаад маш олон байгууллагын хаалга татдаг. Эцсийн дүндээ хэргийг бүрэн шийдэж чадахгүй нь олонтоо. Хуулийн байгууллагуудын тус тусдаа гаргасан тоон мэдээний зөрүүгээс үүнийг харж болно. Тухайлбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан тоо цагдаагийн мэдээнээс байнга өндөр байдаг. Прокурор, цагдаагийн тоон мэдээлэл ч байнга зөрдөг. Шүүхээс гаргадаг тоо дээрх гурван байгууллагынхаас бүр ч бага. Иймээс олон байгууллагын хуудуутай тоон мэдээллийг харьцуулж хаана нь завсар үүсээд буйг олж чаддаггүй гэх.

Хүйсийн тэгш эрхийн төвийнхөн энэхүү тогтолцоог өөрчлөхийг хүсэж, энэ талаарх судалгаа хийж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, цагдаад бүртгэгдсэн хэрэг прокурорт шилжсэн үү, аль эсвэл шүүх эмнэлэг, шүүх дээр бий юү, эцэслэн шийдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар хэрэгсэхгүй болгосныг харж болох нэгдсэн судалгааг хийж буй.

Эцэст нь хэлэхэд, хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооход ээж, ааваас нь эхлээд төрийн болон төрийн бус байгууллага олон талын уялдаатай ажиллагаа хамгаас чухал билээ. Хамгийн гол нь аав, ээжүүд хүүхдээ хүчирхийлэхгүй амьдрах сан.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Хамгаалах байраар 168 хүүхэд давтан үйлчлүүлжээ

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах үйл ажиллагаа хэрхэн явагддагийг сурвалжлахаар хамгаалах хоёр байраар орлоо. Хохирсон, ямар нэг айдастай байгаа хүмүүсийн сэтгэл санааг ийм байранд эмчилдэг учраас хаяг, байршлыг нь олон нийтэд мэдээлэхээс зайлсхийх нь бидний үүрэг юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийг зодож, дарамталдаг этгээд түр хамгаалах байранд ирж танхайрч, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хаягийг нь нийтэд мэдээлэх ёсгүй. Эхний очсон газар бол Монголд хамгийн анх байгуулагдсан нь. Тэднийхээр бүх насныхан үйлчлүүлэх эрхтэй. Тус газрын ажилтнууд 2014 оноос хойш өнөө хүртэл 840 гэр бүлийн 1670 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн бол энэ он гарсаар 118 хүнийг хамгаалжээ. Одоогоор тэнд цөөнгүй хүн бий.

Хашаан дээр нь угаасан цамц, дотуур хувцас, хүүхдийн өмд өлгөөтэй байв. Тэнд байх ямар санагдаж байгааг хүүхдүүдээс асуух гэсэн ч өмнөх таагүй дурсамжийг нь сэдрээх магадлалтай учраас тэдэнтэй уулзахыг байрны дарга зөвшөөрсөнгүй. Ямартай ч хажуугаар зөрсөн хүүхэд сэтгэл өөдрөг байгаа нь бидэнд ажиглагдав. Тэнд ихэвчлэн ээжийгээ дагаж ирсэн хүүхдүүд байдаг. Асран хамгаалагчгүй буюу ганцаараа ирснийг нь тооцвол 2014 оноос хойш нийт 324 хүүхэд түр байрлажээ. Тэдний 168 нь давтан үйлчлүүлэгч. Хүчирхийлэлд ганцхан хүн өртдөггүйг тус байрны дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сэржмядаг онцолсон. Өрхийн тэргүүн эхнэрээ зодож, дарамталсан тохиолдолд хүүхэд, хамт амьдарч байгаа хүмүүс ч гэсэн сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг гэнэ.

Сэтгэл санааны эмчилгээ хийдэг өрөөг төрөл бүрийн тоглоом, иллэгийн (массаж) сандал, хөгжим тоглуулагч зэргээр тохижуулжээ. Хэн ч тийшээ орсон тайвшрахаар юм билээ. Угаалгын, унтлагын, үзлэгийн, эмчилгээний, уулзалтын зэрэг найман өрөөтэй. Хоолны өрөөндөө ээжтэйгээ ирсэн нярай хүүхдүүдийг мөлхүүлэх талбай тусгайлан гаргажээ. Уг нь тус төвд нярай хүүхэд хүлээж авах ёсгүй. Гэвч хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг хүүхэдтэй нь хамт байлгахгүй бол сэтгэл заслын эмчилгээ төдийлөн үр дүнд хүрдэггүй гэнэ. Хүүхдүүд чөлөөт цагаараа ном уншиж, гар урлалд суралцаж, гадаа тоглох боломжтой. Тус төвд ирсэн багачууд маш их айсан, уур уцаартай байх бөгөөд шаардлагатай тохиолдолд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж, сэтгэл заслын эмчилгээ хийлгэдэг аж. Зарим тохиолдолд бэлгийн замын халдвар авсан хүн ирэх нь бий. Тийм үед түр хамгаалах байрны ажилтнууд өөрсдийнхөө нэг өдрийн цалингаас хандивлаж, хохирогчдынхоо эмчилгээний зардлыг гаргадаг гэнэ. Хохирогчдын эрүүл мэнд, ахуйн хэрэгцээнд зориулж улсаас мөнгө төсөвлөдөггүй учраас энэ мэт санхүүгийн бэрхшээл хамгаалах байрныханд мундахгүй. Уг байрны үйл ажиллагааг 2014 онд эхлүүлсэн ч байшин нь 100 гаруй жилийн настай. Он удаан жилийн элэгдлээс болж өвөлдөө хүйтэн байдгийг байрны дарга хэлсэн.

Тэндээс гараад Хан-Уул дүүргийн харьяа түр хамгаалах байранд очлоо. Тэднийх зургаан хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч нэг гэр бүлийн хоёр хүүхэд ирсэн тохиолдолд хамт унтуулдаг аж. Орон нутгаас хүүхэд ирэх нь ч бий. Эцэг, эхийн дарамтаас залхсан 10 настай хүү өнгөрсөн онд гэрээсээ дайжиж, цагдаагийн байгууллагаар дамжин тус байранд иржээ. Хий юм харж, бусдыгаа айлгах зэрэг үйлдэл гаргадаг байсан гэнэ, тэр хүү. Гутралд орсон учраас эхэндээ амиа хорлохыг завдаж, их уцаарладаг байсан бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 хоног эмчлүүлснээр сэтгэл санаа нь тогтворжиж, одоо гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрах болжээ. Аймгийнх нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийнхэн ч тэр хүүгийн эцэг, эхийг архинаас гаргах албадан эмчилгээнд явуулсан байна. Энэ мэтээр гэр бүлийн бүх гишүүнд цогц үйлчилгээ үзүүлэхгүй бол давтан үйлчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэх эрсдэлтэй гэнэ. Уг төв ч гэсэн хоёроос доош настай хүүхэд хүлээн авах ёсгүй ч аргагүйн эрхэнд бага насныханд үйлчилдэг. Нярай хүүхэд мөөмөө хөхөх гэж уйлна, тэр болгонд нийгмийн ажилтан, хоёр сэтгэл судлаач ээжийг нь орлодог аж. Хүүхдийг дөнгөж ирэнгүүт биед нь шарх, сорви байгаа, эсэхийг шалгаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Түр хамгаалах байранд 72 цаг хүртэлх хугацаагаар байрлах журамтай ч хүүхдүүдийн гэрийн хаяг, асран хамгаалагч тогтоогдоогүйгээс хоёр сарын хугацаанд тэнд байрлах тохиолдол гардаг гэсэн. Зовж, шаналсан, хар бараан дурсамжтай үлдсэн ч гэсэн ийм байранд ирж эмчлүүлсэн хүүхдүүд дахин амьдрах итгэл, найдвар өвөрлөн, ирээдүйгээ сайхнаар төсөөлөх хүчтэй болоод буцдаг гэж сэтгэл судлаач нар онцолсон юм.

Бэлтгэсэн: Г.Баясгалан

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Г.ОЮУНБОЛД: Зүй бус үйлдлийг үл тэвчих нийгмийг бүтээх шаардлагатай

УЕПГ-ын Сургалтын төвийн хяналтын прокурор Г.Оюунболдтой хүүхдийн хүчирхийллийн талаар ярилцлаа.

-Прокурорын байгууллага хүүхдийн бэлгийн хүчирхийллийн судалгааг сүүлийн хэдэн жил тасралтгүй хийсэн. Үр дүн гарав уу?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нэг байгууллагын ажил биш. Цагдаа, прокурор, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн байгууллага хамтарч, олон нийтийн хүч, дэмжлэг туслалцаатайгаар үр дүнд хүрэх юм. Судалгааны дүн ямар ч гарч болно. Гарсан үр дүнг олон талт хамтын ажиллагаагаар засаж залруулах ёстой. Манай байгууллага сүүлийн гурван жил архивт байгаа эрүүгийн хэргийн шийдвэрлэсэн хавтаст хэрэг, материалд тулгуурлан судалгаа хийсэн. Хүүхэд амиа хорлох, хүчирхийлэлд өртөх, гэр бүлийн хүчирхийллийн шалтгааныг давхар судаллаа. Үүнийг шийдэх боломжийг эрэлхийлж, хариу олохыг зорьсон.

-Санал, зөвлөмжийг төрийн байгууллага хэр тусгаж авдаг вэ?

-Бэлгийн хүчирхийлэл илэрдэггүй нуугдмал байдаг. 1990 оноос хойш жилд 400 гаруй хүн хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байсан. Сүүлийн араваад жил энэ тоо 340 болж өөрчлөгдсөн. Хохирогчдын 30 хувь нь хүүхэд байдаг. Хүчиндэх хэрэг багассан ч хүүхэд хохирох нь өсөж байна. УЕПГ-ын архивт байгаа бага насны хүүхэд хохирсон 500 гаруй хүчингийн хэргийг судлахад гэмт этгээд сэтгэцийн эрүүл мэнд тааруу, бэлгийн асуудалтай, архины хамааралтай, багадаа хүчирхийлэлд өртсөн байсан. Үүнийгээ шийдвэрлэж чадахгүй учраас ганцаардаж, улмаар гутарч, сэтгэцийн эмгэгтэй болсноор хүчирхийлэл үйлддэг. Үүнээс гадна нийгэм үүнд нөлөөлж, ядуурал суурь дэвсгэр нь болж буй. Мөн боловсрол, хүмүүжил нөлөөлдөг. Гэр бүлийн хүмүүжил харилцан адилгүй. Боловсролын байгууллагын оролцоо ч чухал. Харамсалтай нь, сургуулиудад бэлгийн боловсролыг хэрхэн олгож байгаа нь тодорхойгүй, эргэлзээтэй. Чиний биед хэн хүрч болох, хаана нь хүрч болохгүй зэргийг хүүхдүүдэд зөв ойлгуулах хэрэгтэй. Гэмт хэрэгтнүүд багадаа боловсрол хүмүүжлийн тодорхой асуудалтай нүүр тулснаас болж нас биед хүрсэн хойноо элдэв асуудал гаргадаг.

-Хохирсон хүүхдүүд ирээдүйд хүчирхийлэгч болох өндөр магадлалтай байх?

-Тийм ээ. Хүүхэд хохирогч болоход гэмт хэрэгтэнд ял өгөөд асуудал дуусаж байна. Хуулийн байгууллага хэрэгтэнг илрүүлэх, ял өгөх нь чухал гээд хохирогчийг хаядаг. Хохирогчоо зэрэг анхаарч явах ёстой. Хохирогчид үйлчлэх, хамгаалах тогтолцоо хэрэгтэй. Энэ арга барил, хандлага төлөвшөөгүй байна. Хохирогч хүүхдүүдтэй цаашид ажиллахгүй бол ирээдүйд асуудал үүснэ. Жишээ нь, нэг өрх хүүхдээ маш сайн хүмүүжүүлж болно. Харамсалтай нь, өөр орчинд өссөн хүчирхийлэгчтэй нэг ангид сурч, цуг өсөж өндийнө. Тиймээс бид нийгмийн суурь асуудлыг зөв шийдэх хэрэгтэй. Одооноос шат шатанд нь урьдчилан сэргийлж эхэлбэл 10-15 жилийн дараа хүчирхийллийг үл тэвчдэг нийгэм бүрдэх боломжтой. Ийм нийгмийг бүтээх шаардлагатай. Хохирсон хүүхдүүдэд нийгмийн сэтгэл зүйн үйлчилгээ, эрүүл мэндийн туслалцаа өгөх нь тогтмол бус, мэргэжлийн түвшинд хүргэж чадахгүй байна. Төр үүнд төрийн бус байгууллага сайн дураараа хийж байна. Төрийн бус байгууллага энэ олон хохирогчид бүгдэд нь хүрч үйлчлэх боломжгүй.

-Хүүхэд хамгааллын тухай болон Гэрч хохирогчийг хамгаалах хууль бий. Уг хуулиар асуудлыг зохицуулж чаддаг уу?

-Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиар хүүхдийг хамгаалах нь нэмэгдэж байна. Мөн Эрүүгийн хуульд хүүхдийн эсрэг гэмт хэргийг хориглох заалт шинээр оруулж өгсөн. Зөрчлийн тухай хуульд хүүхдийн эрхийн эсрэг зөрчлийг тусгасан. Энэ асуудлыг шийдэх хүүхдийн эрхийн ажилтан, улсын байцаагчийн орон тоо гаргасан. Энэ мэтээр хүүхдийн эрхийг хангах чиглэлээр эрх зүйн асуудлыг сайжруулсан. Хүүхэд хамгааллын тухай хуулийг бусад хуультай маш сайн уялдуулж өгсөн. Гэтэл одоо эрх зүйн орчныг сайжруулна гээд хурал хийгээд байх юм. Одоо арга хандлагаа өөрчлөөд хуулиа л хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мэдээллийн сан бүрдүүлж хоорондоо солилцохоос эхлээд ажлаа хийгээсэй. Жишээ нь, Сүхбаатар дүүрэгт хэдэн хүүхэд гуйлга гуйдаг, гадуур тэнэдэг, аль нь хүчирхийлэлд өртөх магдалалтай, хэд нь комьпютер тоглодгийг сүлжээгээр хардаг, асуудлыг хамтдаа шийддэг байх ёстой. Гэр бүлийн хүчирхийллийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуульд хамтарсан баг байгуулах тухай ч тусгасан. Гэтэл тэр хамтарсан баг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг үү, хүүхдээ хамгаалж байна уу, анхан шатанд тусламж үзүүлж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй.

-Хүүхдүүдээ цахим хүчирхийллээс хэрхэн хамгаалах вэ?

-Нийтэд айдас төрүүлж буй үндсэн шалтгаан нь цахим орчин. Цахим орчинд тарсан мэдээлэл гэмт хэргийн сэдэл болдог. Бага насны хүүхдийг хүчиндсэн тухай мэдээллийг зурагтаар үзээд хэрэг үйлдсэн байсан. Цахим орчин, нэвтрүүлэг, контентын зүй бус урсгалд зохицуулалт хийх шаадлагатай. Олон сая хүн цахим ертөнцөд нэгдэж байна. Энэ дунд маш том эрсдэл байдаг. Япон, БНСУ иргэнээ 17, 18 нас хүрч, иргэний үнэмлэх авахад нь интернэтэд орох эрх өгдөг. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд зөвшөөрөгдсөн энгийн мэдээлэлтэй цахим хуудсаар ордог. Насанд хүрсэн хойноо контент үзэх, зураг оруулах болгондоо өөрөө хариуцлага хүлээдэг. Өөрийн нэг л хаягтай байдаг. Европт ч өөрийн гэсэн нэг л цахим хаягтай, үүнийг буруу ашиглавал эзэн нь хариуцлага хүлээдэг. Манайхан үүнийг нэвтрүүлнэ гэхээр эрх зөрчих нь гээд байгаа болохоос дэлхийн жишиг ийм.

Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал

ДЭЛХИЙН ЖИШИГ

Шүүхэд хандаж, гэрээ байгуулан, өөрөө тэтгэмжээ авах боломж олгодог

Олон улсад насанд хүрээгүй хүүхдийг хамгаалах үндсэн зарчмууд 1989 онд АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий ассамблейд баталсан, Хүүхдийн эрхийн конвенцод тулгуурласан байдаг. Эл баримт бичиг арьсны өнгө, яс үндэс, хүйс, хэл, шашин, улс төрийн итгэл үнэмшил, нийгмийн гарлаас үл хамааран бүх хүүхдэд үйлчилдэг. Гэхдээ хүүхдийн эрхийг хамгаалах арга улс бүрт харилцан адилгүй.

Францад хүүхдийн эрхийг урьдчилан сэргийлэх болон хамгаалах гэсэн хоёр үндсэн чиглэлээр хамгаалдаг. Эхнийхэд тусламж хүссэн гэр бүлтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл, хүүхдээ өсгөн, хүмүүжүүлэхэд хүндрэлтэйг ойлгосон эцэг, эх үүргээ мэргэжилтнүүдэд даатгадаг. Хоёрдугаарт, хүүхдэд аюултай байдал үүссэн нь нотлогдвол зохих байгууллагууд хамгаалалтдаа авдаг. Хүүхдээ хамгаалах арга хэмжээ авахыг гэр бүлээс нь мэргэжилтнүүд шаарддаг. Үүний сацуу Францад хүүхдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх алба, эрүүл аж төрөх хэв маягийг сурталчилдаг газар бий. Хүүхэд гэмтсэн байхад тусламж үзүүлээгүй хэнбугай ч 45 800-76 300 еврогийн торгууль болон 5-10 жил хорих ял шийтгүүлдэг. Хүчирхийлсэн тохиолдолд энэ шийтгэл хоёроор үржигддэг байна. Гэхдээ тус улсад ийм хэрэг гардаггүй гэхэд хилсдэхгүй гэнэ. Хэрүүл маргаантай гэр бүлийг хяналтын байгууллагынхан байнга ажиглаж, эцэг, эх байх эрхийг нь хөнддөг аж.

Британид төрүүлсэн эцэг, эхээс нь өөр хүн буюу асран хамгаалагч, эсвэл төрөл төрөгсөд нь өсгөн, хүмүүжүүлэгч болохыг хуулиар зөвшөөрчээ. Ингэсэн тохиолдолд хүүхэд бүрийг гэрт нь эргэж, тойрохыг орон нутгийн байгууллагуудаас өндөр албан тушаалтнууд шаарддаг. Ингэхдээ залуу иргэний амьдрах нөхцөл бүрдсэн, шаардлагатай бүхнээр хангагдсан, эрх нь зөрчигдөөгүй, эсэхийг халамжийн байгууллагуудын төлөөлөгч нотлох ёстой. Эцэг, эхээс нь өөр асран хамгаалагч сонгоход төрөл төрөгсөд давуу эрх эхэлдэг. Гэхдээ хамгийн гол нь хүүхдийг гэр бүлийн хүрээнд дасгахыг юуны түрүүнд оролддог, эс бөгөөс хүүхэд асрах газарт шилжүүлдэг аж. АНУ-ын иргэд хүүхдийн эрхийг үр хөврөл байхаас нь хамгаалах ёстой гэж үздэг. Тиймээс үр хөндөхийг зарим талаар, эсвэл бүрмөсөн хориглох асуудал парламентад нь байнга шахам хөндөгддөг. Тус улсад хүүхэд эцэг, эхдээ сэтгэл дундуур байгаа бол тэдний эсрэг шүүхэд зарга мэдүүлэх, төрүүлсөн болон үрчилж авсан гэр бүлээс татгалзах эрхтэй.

Германд эцэг, эх, эсвэл асран хамгаалагч хүүхдийг хэл амаар доромжлох, хүч хэрэглэх эрхгүй. Үүнийг зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээдэг. 16 хүртэлх насны хүүхдийг хараа, хяналтгүй орхихыг хориглодог. Ойрхон дэлгүүр гараад ирснийхээ төлөө эцэг, эх торгуулж ч мэднэ. Гэр бүл хүүхэдгүй, эсвэл хүүхэд үрчилж авахгүй байхыг тус улсад таашаадаггүй. Тиймээс герман эмэгтэйчүүд нэг бол ажлаа хийх, эсвэл хүүхэд өсгөхийн аль нэгийг сонгоход хүрдэг. Хүүхэд төрүүлэхээр шийдсэн нь бүх талын хөнгөлөлт эдэлдэг. Гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхийн аль нь ч чөлөө авч болно. Хүүхдэд нэг хүртэл нь тусгай тэтгэлэг (эцэг, эхийн цалингаас хэмжээ нь шалтгаална), даатгалын мөнгө өгдөг. Мөн 18 хүртлээ хүүхэд бүр 200 орчим еврогийн тэтгэмж авна. Сургуульд ороход нь энэ мөнгөний хэмжээ нэмэгддэг.

Тус улсын хүүхдийн эрхийн асуудал хариуцсан нийгмийн нэг ажилтанд 250 хүүхэд ногддог байсныг 90 болгож цөөлжээ. Одоо энэ тоог 50 болгохоор хэлэлцэж байна. Германы сурагч бүр эцэг, эх, асран хамгаалагчийнхаа талаар хаана хандахыг мэддэг. Хүүхэд түлэгдсэн, хөнгөн гэмтсэн байсан ч эмчийн дүгнэлт гаргаж, эцэг, эхэд эрүү үүсгэн шалгадаг.

Украины хүүхдүүд эцэг, эхийн авч өгсөн бүх эд зүйлийг өмчлөх эрхтэй. Эцэг, эх нь амьсгал хураавал насанд хүрээгүй байсан ч хүүхдийн өмч болдог. Тэтгэвэр, тэтгэмжээ хүүхэд өөрөө авч, зарцуулах, банктай гэрээ байгуулан, бие даан данс нээх эрхтэй. Тэрчлэн эцэг, эхийн зөвшөөрөлтэйгөөр богиносгосон цагаар, халахыг хязгаарласан, амрах илүү нөхцөлтэй ажиллах эрхтэй байдаг.

Канад улс хүүхдийнхээ асуудлыг төрийн хэмжээнд авч үздэг учраас Хүүхэд хамгаалах яамтай аж. Үүнээс тусдаа, илүү бие даасан үйл ажиллагааг Засгийн газрын бус, олон байгууллага, агентлаг явуулдаг гэнэ.

Бэлтгэсэн: З.Гал

БАЙР СУУРЬ

Хүүхдийн хүчирхийллийг хэрхэн бууруулах талаар мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.

Хариуцлагатай гэр бүлүүд олон байгаасай

О.ГАНСҮХ (“Монген” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан):

-Манай сургуулийн хүүхэд хөгжлийн багийн ахлагчид хичээлийн шинэ жилийн эхэнд хүүхэд бүрийг оношилж, судалгаа авч нэгтгэдэг. “Монген” цогцолбор сургууль тодорхой хэмжээний төлбөртэй тул хүнд хэцүү амьдралтай хүүхэд элсэх нь ховор. Тиймээс ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн, анхааралдаа авах шаардлагатай хүүхэдтэй одоогоор таараагүй байна. Хүүхдийн хүчирхийлэл гэдгийг заавал зодох, загнах болон бусад хэлбэрээр хүүхдэдээ хүч хэрэглэхийг хэлнэ. Тэднийг сонсож, нээлттэй харилцаж чадахгүй байх, сурч, боловсрох таатай орчныг нь бүрдүүлэхгүй, хайхрамжгүй хандах нь буруу. Гэр бүл салалт, таагүй уур амьсгал, зан ааш муутай эцэг, эх, амьдарч буй орчин нөхцөл нь хүүхдэд хүндээр тусаж, сэтгэл зүйн дарамтад өртүүлдэг. Тиймээс өв тэгш, хариуцлагатай, хүүхдийнхээ өмнө хүлээх үүргээ ухамсарласан гэр бүл байхад анхаарах хэрэгтэй.

Дугуйланд явахыг шаардах нь дарамт юм

С.ТУНГАЛАГ (Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн):

-Он гарсаар нийслэлийн хэмжээнд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 1417 дуудлага иржээ. Үүний дийлэнх нь гэр бүлийн хэмжээнд үйлдэгдсэн байна. Дуудлагын 70 орчим хувийг тухайн айлын хөршүүд, хорооны ажилчид, хөндлөнгийн хүмүүс ирүүлсэн нь сайшаалтай. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн олонхынх нь аав, заримдаа ээж нь архины хамааралтай, ажилгүй байдаг. Энэ нь хүүхдэд сөргөөр нөлөөлж байна. Бид зорилтот бүлгийн айлуудад гэр, хувцас эдлэл, хүнс өгөх зэргээр амьдралыг нь дээшлүүлэхэд анхаарч ирсэн. Гэтэл тухайн өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэйн хувь хүний хөгжил, боловсролд анхаарахгүйгээр материаллаг тусламж үзүүлээд хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа нь анзаарагдсан. Тиймээс төрийн бус зарим байгууллагатай хамтран сургалт зохион байгуулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлаа эрчимжүүлсэн. Товчхон хэлэхэд хүүхдийн хүчирхийллийг бууруулах эн тэргүүний ажил бол иргэдийн боловсролыг дээшлүүлж, амьжиргааны түвшнийг сайжруулах юм. Үүнээс гадна хүүхдийг хэт шахаж шаардах нэг төрлийн хүчирхийлэл нийгэмд ажиглагдах болсон. Онц сур, олон дугуйланд яв, тийм мэргэжил сонго гэж тулгаж, шахах нь хүүхдэд дарамт болдгийг анхаарах хэрэгтэй.

Хөрш айл, таньж мэддэг хүмүүсээ хүүхэдтэйгээ хэр харьцаж буйг анхаараарай

Г.ДАШДЭМБЭРЭЛ (“Номун” эмнэлгийн хүүхдийн их эмч):

-Хүүхдийн хүчирхийлэл нийгэмд газар авсан гэдэгтэй санал нэг байдаг. Үүнийг бууруулах, хүүхэд багачуудаа сайн сайхан амьдруулахын тулд хийх зүйл их бий. Гэхдээ энэ нь ямар нэг төрийн алба, дарга нарын оролцоот ажил гэхээсээ хувь хүн, өрх айлын асуудал юм. Юуны түрүүнд эцэг, эхчүүд үр хүүхдээ хайрлан, таатай амьдрах нөхцөлийг нь ханган, үгийг нь сонсож, зорилго, хүсэлд нь хөтөлж, дэмжиж тусалдаг байвал зохино. Мөн хөрш айл, таньж мэддэг хүмүүс тань хүүхэдтэйгээ хэрхэн харьцаж буйд анхаарал тавьж, зааж зөвлөж, шаардлагатай тохиолдолд холбогдох газарт нь мэдээлэл өгч хэвших хэрэгтэй. Хүн бүрийн оролцоогоор бид хүүхдүүдээ эрүүл, аз жаргалтай өсгөж чадна. Манайх төлбөртэй, хувийн эмнэлэг тул амьдралын боломжтой иргэд үйлчлүүлдэг гэж ойлгож болно. Магадгүй тэдгээр өрх хүүхдэдээ илүү анхаарал хандуулдаг тул би хүчирхийлэлд өртсөн хүүхдийг эмчилж, тусламж үзүүлээгүй. Гэхдээ болгоомжгүй байдлаасаа болж бага насны хүүхдээ түлэх, өндөр зүйлээс унагаасан тохиолдол гардаг нь эцэг, эх, асран хамгаалагчид хариуцлагатай байх ёстойг харуулж буй хэрэг.

Эрх нь зөрчигдсөн, хүчирхийлэлтэй холбоотой 432 тохиолдол бүртгэгдсэн

Ж.БААСАНЖАРГАЛ (Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлстийн ахмад):

-Хүүхдийг үл хайхрах, бага цаг зарцуулах нь хүчирхийллийн хэлбэр юм. Ийм нөхцөлд хүүхэд гэмт хэрэгт өртөмхий, хүмүүжилгүй, муу зуршилд автамхай болж өсдөг. Хамгийн гол нь хүүхдийнхээ нас насанд тохирсон анхаарал тавьж, хэт эрхлүүлэх, хэт хатуу загнахаас сэргийлэх хэрэгтэй. Эцэг, эхчүүд бол хүүхдийнхээ толь. Хэр зөв үлгэр дуурайл үзүүлж чадна, хүүхэд тань тэр хэрээр сайн хүн болж төлөвшинө. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бүх төрлийн гэмт хэргийг бууруулах анхан шатны нэгж бол гэр бүл. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аав, ээжийн анхаарал халамж, өрхийн төсөв ч хүүхдийн ирээдүйд чухал нөлөөтэй. Энэ он гарсаар нийслэлийн хэмжээнд хүүхдийн эрх зөрчигдсөн, хүчирхийлэлд өртсөн 432 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 15 хүүхдийн амь хохирч, 144 хүүхэд бэртэж гэмтсэн байна. Бид тухай бүрт нь шаардлагатай арга хэмжээ авсан.

 

 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр